Tuesday, November 16, 2010

"Би таныг харж байна!" хавтгайруулсан халамжийн эсрэг иргэдийн хөдөлгөөн

2011 онд Хүний хөгжлийн сангаас хавтгайруулсан халамж хэлбэрээр иргэдэд сар бүр бэлнээр 702.500.000.000 (долоон зуун хоёр тэрбум таван зуун сая) төгрөг тараaхаар төсөвлөсөн байна.


Энэхүү хэт хавтгайруулсан халамж нь өргөн хэрэглээний барааны үнийг өсгөж, мөнгийг үнэгүйдүйлэн, хувь хүний хөгжлийг сулруулж, ажиллаж хөдөлмөрлөх сонирхол, бүтээлч чанарыг үгүйсгэн, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэн, ажилгүйдлийг дэврээсэн, иргэдийг төрөөс хараат, төрөөс горьдсон, үлбэгэр сул дорой болгох алсын хараагүй, аргацаасан шинжтэй, нөхөж баршгүй хор уршигтай бодлого юм.



Монгол Улсын иргэн та Засгийн газрын энэхүү хавтгайруулсан халамжийн бодлогыг эсэргүүцэж Төсвийн хуулийн төслийн энэ хэсгийг батлахгүй байхыг өөрийн төлөөлөгч, хууль тогтоогч УИХ гишүүдээс шаардахыг уриалж байна!!!


Хэрвээ бид дуу хоологоо хүргэхгүй бол өөр хэн ч бидний өмнөөс дугарахгүй. Өөрийн сонгосон төлөөлөгчөө ажиллуулах цаг нь болжээ.

Манай аянд хэрхэн нэгдэх вэ? 

Та доор тавигдсан захидлын принтерлэж аваад эхийг бөглөөд өөрийн тойргоос сонгогдсон гишүүддээ илгээхэд хангалттай. 
(Зураг дээр дарж томруулаад save as хийнэ)

Эхийг хэвлэж авсны дараа юуг анхаарах вэ?

Захидлын эхийг А4 ийн цаасан дээр хэвлэж авна. Хэвэлсэнийхээ дараа дугтуйндаа хийгээд, хаягаа дээр нь бичээд Иргэдыг хүлээн авах байранд хүргэж өгнө. 


Бичсэн захидлаа ямар хаягаар явуулах вэ?

Монгол улс, Улаанбаатар - 12
Төрийн ордон гэж бичээд УИХ гишүүн хэнд гэдгээ бичээрэй (1 захидал дээр1 л гишүүний нэр бичигднэ). Та заавал буцах хаягаа бичээрэй. Хэрвээ буцах хаяг байхгүй бол таны захидал устгагдах болно. Мөн захидлынхаа дээр ГАРТ НЬ гэж бичвэл таний захидал зорьсон хүндээ хүрэх магадлал улам ихэснэ. 



Бичсэн захидлаа хаана хүргэж өгөх вэ ?

Төрийн ордны хойд талд байрлах арктай байшингийн зүүн талын аркны дэргэд байрлах Иргэдийг хүлээн авах байр гэж бичсэн  хаалгаар ороод тэнд байрлах шуудангийн хайрцганд захидлаа хийнэ. (Захидал дээр марк наах шаардлагагүй зөвхөн очих хаягыг бичсэн байхад хангалттай, энд ерөнхий сайд болон УИХ гишүүдтэй холбоотой захиаг хүлээн авна, яамны сайдуудынхыг тухайн яаман дээр хүлээн авна).




Хэрхэн хянах вэ? 


Таны захидлыг авсан эсэхийг 261029 гэсэн утасруу утасдаж асууна.

Бичсэн захидлаа хэзээ явуулах вэ? 

2011 оны төсвийн хууль 2010 оны 12 сарын 1 гэхэд батлагдаж дууссан байх ёстой. Тэгэхээр та захидлаа 2010 оны 11 сарын 24 өөс өмнө шуудангийн харцагт хийсэн байх ёстой.

Үр дүн.

Таны явуулж байгаа нэг захидал бол бидний үр дүн юм. Тэр захидал л хавтгайруулсан халамжыг зогсоох дохиог гишүүдэд өгнө.

Танаас өөрчлөлт эхлэнэ!